МҮИС анхны “Цэргийн эрдмийн танхим”-ыг байгууллаа


Монгол Улсын Засгийн газрын 2012–2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн албан хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэх, улсын дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг бэлтгэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуулийн хамтран ажиллах “Санамж бичиг”-т 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.


Оюутан залууст эх оронч үзэл–хүмүүжлийг төлөвшүүлэн хөгжүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн зориг тэвчээр олгох, суралцах хугацаанд нь хувийн сахилга баттай, цэргийн албаны талаар анхан шатны мэдлэг, дадлагатай болгох, бэрхшээл саадыг даван туулах, багаар ажиллах ур чадварт сургах, цаашдаа цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр, сонгон шалгаруулах зарчмаар дайчилгааны бэлтгэл офицероор сургаж бэлтгэх зорилготойгоор Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль зүй удирдлагын сургуулийн бүрэлдэхүүнд “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус тэнхимийн багшлах бүрэлдэхүүнд, Зэвсэгт хүчний анги байгууллагуудад олон жил, үр бүтээлтэй ажилласан, цэргийн сурган хүмүүжүүлэх ажлын туршлагатай бэлтгэл хурандаа нар томилогдон ажиллаж байна. Цэргийн эрдмийн тэнхимийн багш нар нь хичээл сургалтандаа зориулан 2 танхимийг тохижуулж, хичээлийн төлөвлөлт, сургалтанд шаардлагатай үзүүлэн таниулах материалууд, тусгай бэлтгэлийн гарын авлагууд болон цахим номын сан, лекц, конспектоо боловсруулан бэлтгэж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хичээл сургалтаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна

Нийтэлсэн огноо: 2 жил өмнө