ИЭШГ-ын Судлаач Б. Оюун-Эрдэнэ Судлаачийн тэтгэлэг авах Батламжаа гардан авав

Монголын Үндэсний Их Сургуулийн Инноваци, Эрдэм Шинжилгээний Газрын Судлаач Б. Оюун-Эрдэнэ нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслөөс “Нүүрсний шууд бус шингэрүүлэлтийн катализаторын судалгаа” сэдэвт судалгааны ажил хийхээр шалгарч Судлаачийн тэтгэлэг авах Батламжаа өнөөдөр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шелхаммер-аас гардан авлаа.

Төслийн талаар товч мэдээлэл: Дээд боловсролын чанарын шинэчлэлийн төслийн гол зорилго нь мэдлэгт суурилсан нийгмийг бэхжүүлэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн төгсөгчдийг бэлтгэх, эрдэмтэдийн судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлж, үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд зарлагдсан дээд боловсролын байгууллагыг хөгжүүлэх чиглэлийн төслийн сонгон шалгаруулалтанд орорхоор нийт 200 гаруй төслийн саналыг их, дээд сургуулиуд БСШУЯ-нд хүргүүлсэнээс 18-ийг, 1000 гаруй судлаачийн төслийн саналаас 60 судалгааны ажлыг санхүүжүүлэхээр БСШУЯ шийдвэрлэсэн байна.

Судлаач Б. Оюун-Эрдэнэ-ийн төслийн талаар: Орчин үед нүүрсийг хийжүүлээд, гарган авсан нийлэг хийг цааш нь цахилгаан эрчим хүч, шингэн түлш гарган авахад ашиглаж байна. Энэ нарийн, нийлмэл процессууд нь катализаторын оролцоотой явагддаг.
Төслийн ажлын гол зорилго нь нүүрсний шууд бус шингэрүүлэлтийн катализатор гарган авах, цаашид эх орны түүхий эд ашиглан энэ төрлийн синтезийн катализатор гарган авах эх үндсийг бий болгоход оршино. Энэ төслийн судалгаа хэрэгжсэнээр нүүрсний гүн боловсруулалтанд ашиглагдах катализаторын судалгаанд онол болон практикын шинэлэг үр дүнтэйгээрээ шинжлэх ухаан, эдийн засгийн ач холбогдолтой юм.

2015 оны 12 сарын 02

Бест Вестерн Премьер Туушин Зочид буудал

Инноваци, эрдэм шинжилгээний газар

Нийтэлсэн огноо: 1 жил, 7 сар өмнө