​Захирлын мэндчилгээ

Аливаа их сургуулийн түүх нь энгийнээр хэлбэл, хүссэн мэргэжлээ сонгон суралцаж, амьдралынхаа торгон мөчүүдийг өнгөрүүлдэг оюутан залуусын дурсамж, залуучуудыг сургах хөгжүүлэх ажлыг хийдэг багш нарын ажил амьдралын түүх юм.

Тэгэхээр их сургуулийн түүх гэдэг цагаахан бөгөөд бахархалтай байхаас аргагүй билээ. Үүсгэн байгуулагч Л.Мөнхбатаас баг хамт олонд байгууллагын соёл болгож чадсан зүйл бол хурд, зарчим хариуцлага, үр дүн.

1998 онд мэргэжлийн 2 ангитай коллеж байгуулагдан анхны хичээлийн жилээ эхэлж байсан цаг үетэй харьцуулахад анх томилогдож байсан залуу багш нар маань туршлагатай профессор багш болж, багш нарын тоо 30 дахин, анхны жилийн оюутны тоо 60 дахин өсч улмаар коллеж маань их сургууль болсноос харахад бид хурдтай, зарчимтай, хариуцлагатай бөгөөд үр дүнтэй ажиллажээ.

Бидний оюутнаа хөгжүүлэх ажлын үр дүнг тоолж, хэмжиж, болохгүй боловч бид оюутнуудаа хөгжүүлэхдээ:
  • 2-р курсд дадлагажих албан тушаалд
  • 3-р курсд гүйцэтгэх албан тушаалд
  • 4-р курсд удирдах албан тушаалд ажиллахад бэлэн болгож төгсгөхөөр зорьж, түвшин бүрт нь сургалтын агуулга, хувь хүний хөгжлийн ажлуудаа чиглүүлсэн системтэйгээр ажиллаж байна. Ингэснээр бид “Шинэ эриний төгс удирдагчдыг бэлтгэнэ”гэсэн эрхэм зорилгоо ханган ажиллана гэж үздэг. Энэ л зорилгын төлөө өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн багш, ажилчид, албан хаагчиддаа чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.
Монголын үндэсний их сургуулийн гүйцэтгэх захирал Б. Дашдолгор